Friday, April 16, 2010

0

Нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулцгаая уриатай нэгэн үеийнхний найз нөхдийн уулзалт

2010.01.07

Энэ өдөр тус суманд ажиллаж амьдарч буй Тосонцэнгэл сумын 4 сургуулийн 1990 оны төгсөгчид санаа нийлэн уулзаж төрөлх Тосонцэнгэл сумынхаа хөгжил дэвшил, өөрсдийн амьдран суугаа газар орныхоо орчин нөхцөл, нутгийн ард олон найз нөхдийн ухамсар, зан харьцаа, өөрсдийгөө үнэлэх үнэлэмж сэтгэхүй, сум орны удирдлагын чадвар, ухамсар мэдлэг, мөн иргэдийн амьдрах нөхцөл, амьдралын хэвшил болсон арга барил гээд олон талаар санал бодлоо солилцон төрөлх сум орондоо ухамсар сэтгэхүйн, мэдлэг чадвар чадамжийн, мөн материаллаг бодит боломжууд, өөрсдийн эн тэргүүнд хийж болох, чадах ажлуудын талаар нилээд зүйлүүдийг ярилцаж тохиролцлоо.




Үүнд. Монгол хүн бүрийн одоогийн ухамсарт шингэсэн бусдын амыг харж аялдан дагалдах, бэлэнчлэх сэтгэлгээ, өөрсдийгөө” Төрийн төлөө огтоно” гэж, би яахав, тэр хийх хүмүүс нь л хийнэ биз хэмээн өөрийгөө голсон, хойш суусан дорой ухамсар сэтгэхүй, хувь хувиа хичээсэн ахархан атгаг бодол санаа, өөрийнхөө амьдралын хэвшил, нийгэмд эзэлж буй байр сууриа бурханы зурсан зураг, төөрөг тавилан, хувь заяанд холбон тайвширч, өөрийн чадвар боломжуудаа хаасан үзэл баримтлал, “Монголын хууль 3 хоног” гэсэн өөрсдийн хуулиа дээдлэн сахидаггүй арчаагүй бодол сэтгэхүйгээ өөгшүүлсэн дорой ухамсарыг өөрчлөх цаг болжээ гэсэн дүгнэлт хийж “ Өндөр ухамсарт оюунлаг иргэд тэгш нийгмийн бүтээнэ” мөн “Хүний хөгжлөөс улсын хөгжил”, “Улсын хөгжил сумаас” гэсэн зарчмуудыг баримтлан ажиллах.



Сум орныхоо өнгө төрх, үзэмж, өөдлөн дэвжих соёлт орчин бүрдүүлэхийн төлөө иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, үүний тулд нийт иргэдийн ухамсар, сэтгэхүйг дээшлүүлэх, өргөх оюуны ажлуудыг хийх.
Үүнийг уриалга, ухуулга сурталчилгаа, лекц, илтгэл тавих, Засаг захиргаа, хууль хяналтын байгууллагууд иргэд залуустай нягт хамтран ажиллах.


Мөн орон нутгийн телевиз, FM-радио мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан айл өрх, иргэдэд мэдээлэл хүргэх оюуны ажлуудыг хийх
Хуулиа сахин дээдлэх ухамсарт нийгмийн ажлуудыг өөрсдийн биеэр уриалан үлгэрлэж, тодорхой ажлуудыг эн тэргүүнд хийж гүйцэтгэх.
Хүн хүнээ, найз нөхдөө хүндлэх ёсыг дээдлэн нийгмийн гаж үзэгдэл болох архидалт, дээрэнгүй үзэл, орчноо бохирдуулан гудамж талбайд хог хаях, арчаагүй үзэл баримтлалтай хамтран тэмцэх.



Үүнд гудамж талбай олон нийтийн цуглардаг газрууд, албан байгууллагуудын үүдээр хогийн сав хийж тавих, үүнийг тодорхой албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавих, эсвэл модон эдлэл, төмөр хийцийн мужаан дархны ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй хамтран захиалга аван хийж гүйцэтгэх.
Хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн бус гудамж талбайд санаачлагчид болох иргэдийн сайн дурын хөдөлгөөнийхөн бид өөрсдөө хариуцан хийж гүйцэтгэх


Орон нутгийн Засаг захиргаа, хууль хяналтын байгууллагуудтай хамтран хүнсний зах, түүхий эдийн захыг сумаас тогтоосон газар талбайд нь шилжүүлэн ажиллуулах.
Үүний тулд тухайн салбарын бизнес эрхэлж буй иргэдэд уриалан ухуулан сурталчилах, мөн тухайн газруудыг үйлчилгээ бизнесээ эрхлэх бүрэн нөхцөл бололцоог нь хангаж өгөх зэрэг, мөн санаачлагч иргэдийн хөдөлгөөн нь нийт ард иргэдийнхээ оюуны чадвар, чадамжийг нэмэгдүүлэн дээшлүүлэх зорилгоор номын сан байгуулах, гадаад дэлхий дахины сонин хачин, танин мэдэхүйн холбогдолтой мэдээ, мэдээлэл, мөн улс төрд одоогийн болж буй үйл явдлуудыг цаг тухайд нь иргэдэд дэлгэрэнгүйгээр нь хүргэж байх.
Улс орны хэмжээнд болж буй үйл явдал, мэдээ мэдээлэл, засгийн газрын шийдвэрүүдийг, мөн сум орны удирдлага захиргаа хууль хяналтын байгууллагуудаас зохион байгуулж буй ажлуудыг хүргэх, сурталчлах, ард иргэдтэйгээ нээлттэй хэлэлцүүлэгүүдийг явуулж байх
Ард иргэд санаа бодол хүсэл эрмэлзлэлээ бусадтайгаа чөлөөтэй хуваалцдаг орчин нөхцөл бүрдүүлэх


Сум орны удирдлага, ард иргэд нягт холбоо уяалдаатай ажиллах гүүр нь болж ажиллах
Сум орны ирээдүй хөгжлийн төлөө нутаг усандаа ашигтай, иргэддээ хэрэгтэй төсөл санаачлагуудыг дэмжин хэрэгжүүлэх шатанд хүртэл хүч нэмэж хамтран ажиллах.
Хүүхдүүдэд зөв ухамсар төлөвшүүлэхэд нь туслах зорилгоор хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх, мөн мэдлэг нэмэх ном захиалан хүүхдийн номын фондтой болох
Мөн цэцэрлэгүүдийн багш нартай хамтран хүүхдийн хөгжилд тустай сэдэвчилсэн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах


Энэ нь дунд сургуулийн бага, дунд, ахлах ангийнханд мөн адил түвшин, түвшинд нь тохирсон ажлуудыг санаачлан багш сурган хүмүүжүүлэгчидтэй хамтан ажиллах
Энэ бүхний эцэст та бидний эцсийн зорилго нь сум орон нутгаа хөгжүүлэх өөрсдөдөө, иргэддээ, үр хүүхдүүддээ амьдрах таатай орчин бүрдүүлэх, үр хүүхдээ өөрсдийгөө хөгжүүлэх, улс орныхоо ирээдүйн хөгжлийн үндэс болох чин хүсэл эрмэлзлэлээр дүүрэн энэхүү уулзалтын тэмдэглэлээ өндөрлөв.


Энэ бүтэн сайнд буюу 2010.01.10-нд нэг үзэл бодол, хүсэл эрмэлзлэл дүүрэн нэгэн үеийнхнээ, найз нөхдөө уриалан эргэн уулзахаар товлоод энэ уулзалт өндөрлөв.
Энэхүү уулзалтанд: Д.Батчингэс, Г.Отгон, Ч.Дулмаа, Б.Батжаргал, Б.Отгонсүрэн, Ренчиндорж, Баасансүрэн, Мягмардорж нар оролцов.

Энэхүү уулзалтын тэмдэглэл хөтөлсөн

Д.Батчингис.


2010.01.07 Завхан аймаг Тосонцэнгэл сум.

Thursday, April 15, 2010

0

Засагт хан аймгийн Сартуул Сэцэн вангийн хошуу: Сартуул хошуу

Сартуул Сэцэн вангийн хошуу: Сартуул хошуу. Чингис хаан 1219-1225 оны хооронд тэр үеийн Хорезмын шагт улс буюу Сартуул иргэнийг дайлах явцдаа Ургенч, Бухар хотын иргэдээс голчлон бүрдсэн 100.000 гаруй иргэдийг олзлон Хорхорум зэрэг хотуудыг бариулахдаа ашиглаж байгаад 1250-иад оны үед одоогийн Завхан аймгийн нутаг, Завхан голын орчим байсан Чингай балгасны орчим нутаглуулан баруун гарын их чинсан Чингайд захируулснаар Сартуул ястан бий болох эхлэл тавигдсан байна. Сартуулуудын тухай түүх шаштирт тэмдэглэгдэн үлдсэн нь нэн ховор бөгөөд XIII зууны эхэн үед цухас мэдээ гараад улмаар XVI зууны эхэн үед Далдан хөндлөн ноёнд Тангуд, Сартуул хоёр отог очсон гэх мэдээ гардаг. Юутай ч гэсэн XV зууны эхэн гэхэд Сартуулууд бүрэн монголжин Халхын нэгэн томоохон отог хэмээгдэх болсон нь мэдэгддэг. Өөрөөр хэлбэл Баянмөнх болох жононг гурван настай байхад нь Ойрадын Үгүйдэй Тайбо гэгч Халхын Сартуул отгийн Баяндай ахлахуй нарын гурван баатрын хамт

Халхад хүргэн авчирсан хэмээн сурвалжид тэмдэглжээ. Чингэхээр дээрх сурвалжийн мэдээг үндэсэлэвэл XV зууны дунд үе гэхэд Сартуул нь бүрэн монголжиж Аглагийн 12 хүрээ (отог) Халхын нэгэн хэмээн нэрийдэгдэх болсон хэмээн үзэж болохоор байна. Сартуулууд энэ үед их хааны захиргаанд яваад Даян хааны отгон хөвүүн Гэрсэнз хунтайжийн их хатан Хатангуй Халхыг түүний долоон хөвгүүн хуваан захируулахад Сартуул нь Тангудын хамт зургадугаар хөвгүүн Далдан хөндлөн ноёны мэдэлд очжээ. Далдан ноёны эзэмшил нутаг дахь түүний орд өргөөг сурвалжид Сартуулын газар хэмээн тэмдэглэсэн байдаг нь



Сартуулууд өмнө өгүүлсэн газар бүрмөсөн суурьшин бусад ястан отгууд ч түүнийг нь нэгэнт хүлээн зөвшөөрөх болсныг харуулж байна. Далдан ноёны орд өргөө нь Сар хайрхан (одоогийн Дөрвөлжин сумын нутаг) уулын орчим байжээ. XVII зууны эхэн үе гэхэд Сартуулууд нь Халхын баруун гар Засагт хан аймгийн нэгээхэн хэсэгт багтаж Тангудын хамт нэг хошууг үүсгэн Засагт хан аймагт харьяалагдаж байснаа 1662 онд Тангуд отгийн эзэн Бинт ноён харъяат ардын хамт өвөр монголд суурьшсаны хойно дангаар нэг хошуу зохион Сэцэн вангийн хошуу хэмээн нэрийдэгдэх болсон байна. 1691 оны Долоннуурын чуулганаар Сартуул сэцэн вангийн хошуу нь Засагт хан аймгийн 7 хошууны нэг гэгдэн Засаг ноёноор Далдан ноёны хөвгүүн Жүндүдэй хатан баатар, түүний хөвгүүн Дамба хөндлөн тойн, түүний хөвгүүн Саран ахайг батламжлан цол хэргэм шагнан хошуу захирсан засаг ноён болгожээ.

Хошууны нутгийн хил нь өмнө зүг Зүр хүзүү, Завхан гол, Тахь хошуу, Хомын тал, баруун зүг, хар нуурын хөвөө, Хатуу тээл, айраг нуур, баруун хойт, хойт талаараа Талын суудал, Үнэгэд, Хулж булаг, Улаан толгой, Загт, Туулайт, Сонгино уул, Уйтан булаг, зүүн хойт, зүүн талаараа Улаан толгой, Муу түлээт, айраг нуур, Хавцгайт гол, Хунт Холбоо нуур, өвөр Улаагчин, Улаан эрэг хүрэх ажээ. Манжийн үеийн Халхын өрнө замын зүүнгарын зүүн этгээдийн хошуу,

Богд хаант Монгол улсын үед Сартуул сэцэн вангийн хошуу хэмээн нэрийдэгдэж байгаад 1923 оноос Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуу хэмээн нэрийдэгдэх болсон байна. Хошууг засаг ноён Саран ахай, Ламжав, Цэдэнжав, Норов, Дэндэвдорж, Цэсүнжав, Цэвээнжав, Ванчинбазаржав, Насанбуянжаргал, Жалчингомбоцэдэн нар угсаа залган захирч иржээ. 1918 оны мэдээгээр 2291 өрх, 10152 хүн ам,
үүнээс тайж 1301, хамжлага ард 2377, лам 1092, албат ард 429, сул ард 282, эмс охид 4671 байжээ. 12,2 мянган толгой малтай байв.
1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Завхан аймгийн Сонгино, Ургамал, Сантмаргац, Завханмандал, Дөрвөлжин, Барчин,
Чандмана-Өлзийт, Увс аймгийн Завхан сумдыг зохиосон байна.

Monday, April 12, 2010

0

ЭХ ОРОН /О.Дашбалбар/

Тэнгэрлэг ЭХ ОРОН минь таньдаа мөргөмүү
Тэнд, энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итэгмүү
Амь яваа минь таны таалал гэмүү
Агуаа их тандаан би өдөр бүр мөрөгмүү


Амьсгалах тоолондоо би тандаа хүрч очмуу
Аньсан нүдэндээ ч би таныгаа хармуу
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймүү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмүү

Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хилмаа гялалзан гялтагнахыг ажмуу
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс
Тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг хармуу

ЭХ ОРОН минь!
Таны хүч л надад шингэснээс би хүчтэй явмуу
Энрэл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сурмуу

Аяа ЭХ ОРОН минээ!
Догшин ширүүн галыг ч би таныг л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам

Аяа ЭХ ОРОН минээ!
Ариун тунгалаг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм

Аяа ЭХ ОРОН минээ!
Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмүү
Амьд яваа минь таны гүн их таалал буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж үзмүү
Хатан дэлхийн өвсөн ногооноос та босож ирмүү
Хамаг амьтаны тусын тулд юм бүхэнд оршиж
Хар муу үйлийн замаас биднийг холдуулмуу

Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таныхыг гэмүү
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла
Энэхүү ертөнцийн туйл үнэн буй бөгөөс түүний мөн чанар
Эгнэгт эс мөхөгч бас бий эс бологч
Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч
Төв цэг нь хаа сайгүй оршигч
Төрсөн бүхний учир шалтгаан
Төглдрөөрөө өөр тэнцэх юм огт үгүй ээ
ЭХ ОРОН минь тандаа би мөрөгмүү
Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгаамуу

Ариутгагч бас аврагч цэг нь
Алтан мутраараа адислаж хүссэн бүхнээр минь болгоож хайрла
Сайн үйл мөнхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг
Бялдууч явдал дууг минь сонсоод устаг
Бас аймхай амьтас дуугарч чадахгүй дөлөг
Өвчин бүхэн намайг тойрог
Өвдсөн зовсныг тэрчилэн би ачлаг
Амсгалах тоолонд надад та нэвтрэн орж ирнэм
Аньсан нүдэндээ ч би таныгаа хармуу
Ухаан бодол минь таныгаа баясгахаар уудам болог
Уг чанар минь хүн чанар л болог
ЭХ ОРНЫ минь мөн, чанар гоо сайхныг бусдад түгээж
Энэ ерөнцийн олныг жаргаахад минь надад тусла
Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь минь та өөрөө минийх би таны гэгээн гэрэлд аж төрмүү.
0

Бүх Одод - Өглөө Шиг Эх Орон